25.10.11

АВИЛГАЛ, ТYYНИЙГ БУУРУУЛАХ НЬ


Єнөө үед жирийн иргэдээс эхлээд эдийн засагчид, олон улсын байгууллагууд хүртэл авилгал нь эдийн засгийн өсөлт хөгжлийн хамгийн гол дайсан гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байна. 
Олон улсын байгууллагууд болон судлаачид хөгжиж буй орнууд дахь авилгалыг бууруулалгүйгээр, ядуурал болон тэгш бус байдлыг бууруулах гэх мэт хөгжлийн бусад хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх тухай ярих боломжгүй гэсэн байр сууринд тулаад байна. 
Тухайлбал, Дэлхийн Банкнаас авилгалыг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон ядуурлыг бууруулахад саад тушаа болж байгаа гол хүчин зүйлсийн нэг гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1996 оноос өөрийн гишүүн орнууддаа авилгалын эсрэг 600 гаруй хөтөлбөрүүд болон засаглалын санаачлагуудыг дэмжин ажилласан байна. 
Эдийн засгийн шинжлэх ухаанд авилгалын эдийн засаг гэсэн системтэй судалгаа 1970-аад (Крюгер 1974 ба Роуз-Акерман 1978) оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ нь хэдийгээр харьцангуй залуу ч өнөө үед маш хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг юм. 
Энэхүү илтгэлийн зорилго нь өнөө үед авилгалыг олон улсын түвшинд болон эдийн засгийн шинжлэх ухаанд хэрхэн авч үзэж буй талаар болон авилгалтай амжилттай тэмцсэн зарим улс орнуудын туршлагын талаар товч хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн дүнд та бүхэн эдүгээ Монголын төр, төрийн байгууллагуудын бүх шатанд үүсэн бий болоод буй авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжит хувилбаруудын талаар тодорхой ойлголттой болно гэдэгт найдаж байна. 

Олон улсын байгууллагууд
Хvйтэн дайн төгсгөл болсноор олон улсын байгууллагууд хөгжиж буй орнууд дахь авилгалын асуудалд урьд өмнөхөөсөө илүүтэй анхаарлаа хандуулах болсон. 1996 оноос Дэлхийн Банк (зээлийн) гэрээг цуцлах үндсэн нөхцөл нь тухайн улсын авилгалын үзүүлэлт байх тухай өөрийн зааварчилгадаа тусгасан байна. Мөн онд Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын зөвлөл (OECD) нь Yндэстэн дамнасан хээл хахуулийн гэмт хэргийн эсрэг конвэнцид гарын үсгээ зурсан. ОУВС нь өөрийн олгодог зээлд эдийн засгийн либеральчлалыг дэмжих болон авилгал бий болох боломжуудыг бууруулах үүднээс зарим нэг нөхцлүүдийг нэмж тусгасан байна. 

Дэлхийн Банк нь улс төрийн ил тод байдал, хариуцлага тооцох чадвар, байдал, иргэний нийгмийн оролцоо болон хувийн секторын өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтийг сайжруулснаар авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжтой хэмээн үздэг. Тэдний зүгээс дээрээс доош болон доороосоо дээшээ чиглэсэн арга барилуудыг аль алиныг нь баримтлан ажиллахыг эрхэмлэдэг. Хэдийгээр ард иргэд авилгал хор уршигтай гэдгийг ерөнхийд нь төсөөлдөг хэдий ч үнэн хэрэгтээ хэчнээн их уршиг дагуулдаг талаар туйлын бага мэдлэгтэй байдаг. Тиймээс тэд авилгалыг бууруулснаар ахуй амьдрал нь хэрхэн сайжрах вэ гэдгийг бодитойгоор ухамсарлаж чаддаггүй. Доороос дээш чиглэсэн арга барилаар авилгалтай тэмцэхэд иргэний нийгэм гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Иймээс иргэний нийгмийн төлөөллүүдийг авилгалын шалтгаан, үр дүн, түүнтэй хэрхэн тэмцэх талаар сургах хэрэгтэй гэж үздэг. Ингэснээр авилгалыг хянах чадвартай нийгмийг бий болгоно гэсэн үг. Авилгалын талаарх нийгмийн ухамсар болон ёс
суртахууныг сайжруулж чадсан цагт сая төрийн байгууллагуудыг авилгалаас салгах, шинэчлэлийн тухай ярих хэрэгтэй. Yvнд чөлөөт хэвлэл, ардчилсан эрх чөлөөт байдал чухал үүргийг гүйцэтгэнэ. Доороос дээш чиглэсэн арга барил амжилтттай хэрэгжсэн нөхцөлд бид дээрээс доош чиглэсэн арга барилын талаар ярих боломжтой болно. Нийгэм олон нийт авилгалын үр нөлөөг нэгэнт ойлгосон нөхцөлд улс төрийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлэх замаар авилгалтай тэмцэх дээрээс доош чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болно. Доороосоо дээш чиглэсэн аргыг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагын ажилтнууд, яам тамгын газрын сонгогдсон түшмэдүүд, хөндлөнгийн хяналтын байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд, авилгалын эсрэг агентлагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулсан сургалт семинар зохион байгуулах замаар нийгэм олон нийтийг авилгалын эсрэг системтэй мэдлэгтэй болгож чадна гэж үздэг. 

Гэвч энэ арга барил нь эдийн засагчдын зүгээс дараах байлаар шүүмжлэлд өртдөг. 
1. Ємнө хэрэгжсэн арга хэмжээнүүдээс харахад хөтөлбөрт сонгогдон оролцсон ниймийн байгууллагууд нь бие даан төлөвшиж чадахгүй байсан. Yvний улмаас эдгээр төлөөлөх агентууд нь улс төрийн дарамт шахалтад өртөх боломж бүрдэж улмаар өөрсдөө ч авилгалд автах боломжтой. 
2. Сургалтад хамрагдсан агентууд нь олж авсан мэдлэг, мэдээллээ нийгэмд үр дүнтэй түгээн дэлгэрүүлж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй юм. Ялангуяа харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн, чөлөөт хэвлэл болон ард иргэдийн бичиг үсэг тайлагдалт нь маш доогуур үзүүлэлттэй орнуудын хувьд ихээхэн эргэлзээтэй. 

Авилгалын судалгаа

Эдийн засагч A.Jain, төрийн эрх барих дээд байгууллага, төрийн бодлого хэрэгжүүлэх агентууд болон шүүх тогтоох байгууллага гэсэн гурван түвшинд авилгал байдаг гэж тодорхойлсон. Эдийн засагчдын хувьд төрийн түвшний авилгалын эдийн засагт үзүүлэх нөлөөг голлон судалдаг. Учир нь энэ төрлийн судалгаа нь төрөөс ард иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн зарчим дээр үндэслэж байдагтай холбоотой юм. Зарим эдийн засагчид авилгалыг хүнд суртлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэх нөлөөтэй, нийгэмд тодорхой хэмжээгээрээ байх ёстой нийгмийн нэг төрлийн "сайн дайсан" хэмээн үздэг. Гэвч энэ үзлийг үгүйсгэсэн ажлууд нь илүүтэй олон бөгөөд онолын болон эмпирик ажлууд аль аль нь байдаг. 
Авилгалын талаарх эмпирик судалгаанд тулгардаг нэг бэрхшээлтэй асуудал нь үүнийг хэмжих тухай асуудал байдаг. Судлаачид гол төлөв "transparency international" гэсэн байгууллагаас тооцон гаргадаг авилгалын индексийг судалгаандаа ашигладаг. Энэхүү индексийг 1995 оноос эхлэн тооцож гаргасан байдаг. Индексийг тодорхойлохдоо гадаадын хөрөнгө оруулагчдын дунд 7 өөр төрлийн санал асуулгыг явуулж тухайн сонгогдсон улс орон бүрийг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлдэг. Авилгал огт байхгүй бол 10 оноо ба авилгалд бүрэн автагдсан орны хувьд 1 гэсэн оноо авах жишээтэй. 

Нөхцөл байдлын судалгаа

Авилгалтай тэмцэж чадах уу үгүй юу? гэдэг асуултанд судлаачид янз бүрээр хариулт өгдөг. Зарим хэсэг нь авилгалыг арилгах боломжгүй зүйл гэж үздэг байхад нөгөө хэсэг нь, гол төлөв социологчид, нийгмийн ёс суртахуун дээшлээгүй цагт авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжгүй хэмээн хариулдаг. Эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын хувьд өмнө дурдсан ёсоор авилгалыг бууруулаагүй цагт эдийн засаг нийгмийн хөгжилд хүрэх боломжгүй гэж үздэг бөгөөд авилгалтай үр дүнтэй тэмцэж чадсан орнуудын жишгээр авилгалыг бууруулах боломжтой гэсэн байр суурь баримталдаг. Yvнтэй холбогдуулан авилгалтай тэмцэж чадсанаараа үлгэр жишээ болдог Хонконг болон Сингапурын түүхэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсээр байна. 

Кейс 1: Хонконг ба Сингапур

Хонконг-д 1974 онд авилгалын эсрэг бие даасан комисс байгуулагдсан бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагаас үл хамаарсан үйл ажиллагаатай, засгийн газрынхаа тэргүүнд шууд тайлагнадаг байгууллага байсан. Тэрхүү комисс нь: 
- Авилгалын хэргүүдийг мөрдөн шалгаж илрүүлэхийн зэрэгцээ авилгалын эсрэг нийгмийн боловсрол, ухамсрыг дээшлүүлэх үүргийг давхар хүлээдэг байсан. Ингэснээр ард иргэд нь тэдэнд авилгалын талаарх хэргүүдийг мэдээлэх бас нэгэн суваг бий болгож чадсан. 
- Комисс нь ард иргэдээс маш олон тооны авилгалтай холбоотой гомдол саналыг хүлээн авдаг байсан байна. 
- Комиссын ажилтнууд нь засгийн газрын бусад агентлагуудын ажилтнуудаас илүү өндөр цалинтай байсан. 
Комиссын эхний стратегуудын нэг нь засгийн газрынхаа нөлөө бүхий хүмүүсийг мөрдөж шалгах явдал байсан бөгөөд энэхүү комиссын үйл ажиллагааны үр дүнд Хонконг дахь авилгал дорвитой хэмжээгээр буурсан. Хонконгийн загвар нь засгийн газрын тэргүүндээ шууд тайлагнадаг комисс байгуулах нь авилгалтай үр дүнтэй тэмцэхэд чухал үүрэгтэй гэдгийг харуулдаг.Хонконгийн загвар амжиллтай хэрэгжсэн гол шалтгаанууд нь: 
- Тухайн үеийн улс төрийн хүчний бодлого, үзэл баримтлал 
- Комиссын бүрэн бие даасан үйл ажилллагаа болон хангалттай нөөц боломжоор хангагдсан байдал 
- Нийгмийн боловсролын хөтөлбөрүүд болон мэдээллээр сайтар хангагдсан олон нийтийн идэвхтэй оролцоо зэрэг болно. 
Сингапурын хувьд гэхэд 1959 онд засгийн эрхэнд гарсан нам нь Авилгалын хэргийг мөрдөх товчоондоо ихээхэн эрх мэдэл өгсөн явдал юм. 1970 оноос энэхүү товчоо нь ерөнхий сайддаа шууд тайлагнадаг болсон. Юуны түрүүнд энэхүү товчоо нь засгийн газрын яам агентлагуудаа дотоод дүрэм журмаа хянан үзэж, авилгал бий болох хөшүүргүүдийг бууруулах шаардлага тавьсан. 
Нөгөөтэйгүүр засгийн газрын зүгээс: 
- төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлсэн 
- ажиллах орчин нөхцлийг сайжруулсан 
- ажилтнуудыг нэг албан тушаалд нь удаан томилдоггүй болсон 
- хяналт шалгалтыг чангатгасан 
Хонконг болон Сингапурын кэйс нь бие даасан комисс байгуулж авилгалтай тэмцэх нь үр дүнтэй гэдгийг харуулдаг. 
Гэсэн хэдий ч дараах нөхцлүүдийг харгалзан үзэх шаардлагатай. 
- Сул хууль дүрэмтэй, авторитоар дэглэмтэй улс орнуудад ийм бие даасан хороо нь улс төрийн сөрөг хүчнүүдийг золиослоход хүргэх аюултай талтай 
- Хонконг болон Сингапурын тухайн үеийн нөхцөл байдал нь ихэнх хөгжиж буй орнуудад бүрдээгүй байдаг болохоор загварыг шууд хуулах нь учир дутагдалтай 
- Хонконг дахь комисс болон Сингапур дахь товчооны аль аль нь хангалттай нөөц бололцоогоор хангагдсан, чадварлаг боловсон хүчинтэй, хууль хэрэгжих нөхцөл сайтай, бие даасан шүүх тогтоох байгууллагатай, төрийн удирдлагын систем дэх өрсөлдөөн өндөр байсан. 

Кейс 2: Ботсуан
Африкийн орнуудаас Ботсуан улс авилгалтай үр дүнтэй тэмцэж чадсанаараа үлгэр дууриал болдог. Африкийн бусад орнуудаасаа ялгаатай нь Ботсуан нь харьцангуй сайн засаглалын системтэй байсан гэж үздэг. 
- Улс төр болон макро эдийн засгийн тогтвортой байдал нь гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн 
- 1994 онд Ботсуан нь авилгал болон эдийн засгийн гэмт хэргийн зөвлөлийг Хонконгийн загвар дээр үндэслэн байгуулсан. Энэхүү зөвлөл нь дотоодын чадварлаг ажиллах хүчин болон урьд нь Хонконгийг комисст ажиллаж байсан боловсон хүчнүүдийг хөлслөн ажиллуулсан 
- Энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа нь бие даасан байсан бөгөөд албан ёсоор Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байгуулагдсан байсан 
- Зөвлөлийн үүрэг нь мөн л мэдээллийн дагуу авилгалын хэргийг мөрдөж илрүүлэх, авилгалын эсрэг стратеги боловсруулах, нийгэмд авилгалын эсрэг боловсрол олгох явдал байсан 
- Авилгалын хэргүүдийг илрүүлж, ногдуулсан торгуулийн орлого нь үйл ажиллагааны зардалаа давдаг байснаараа энэхүү зөвлөл нь авилгалтай үр дүнтэй тэмцсэн үлгэр жишээ болдог юм 
- Єнөөдөр Ботсуаны авилгалын индексээрээ 2000 онд 26 дугаар байрт жагссан. Энэ нь африкийн орнууд дотроо хамгийн дээгүүр үзүүлэлт байжээ. 
Зөвлөлийн амжилтын үндэс нь: 
- Yйл ажиллагааны бие даасан байдал 
- Санхүүгийн бие даасан байдал 
- Yйл ажиллагаагаа хэрэгжүүлэх тал дээрээ гол анхаарлаа хандуулж ажилласан 
- Макро эдийн засгийн тогтвортой байдал, баримтжуулалт сайн, тухайн улсын хувьд нөөц бололцоо сайтай байсан явдал юм. 

Дvгнэлт
Монгол Улсын хувьд төрийн тогтолцооны бүхий л шатанд авилгал бий болсныг бид бүгд мэднэ. Yvнийг тоо статистик ч батлан харуулсаар байна. Тухайлбал, 2005 оны байдлаар авилгалын индекс 3 байсан ба 145 орноос 85 дугаар байрт жагссан байна. Сант марал сангаас санамсаргүй байдлаар сонгосон 1030 хүний дунд явуулсан түүвэр судалгаагаар хахуулийн дундаж хэмжээ хотод 250 мянган төгрөг ба хөдөөд 100 мянган төгрөг байна гэж дүгнэжээ. 
Бидэнд олон улсын байгууллагуудын тусламжтайгаар болон бусад улс орнуудын туршлагаас суралцах замаар өөрийн оронд газар аваад буй авилгалтай тэмцэх боломж бий юу? Єөрийн илтгэлд үндэслэн дор дурдсан алхмуудыг хэрэгжүүлснээр авилгалыг бууруулах боломж бий хэмээн бодож байна. Yvнд: (1) Бие даасан, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн хөндлөнгийн хяналт хийдэг иргэний нийгмийн байгууллага бий болгох; (2) Авилгалын талаарх системтэй судалгааг хөгжүүлэх; (3) Авилгалын талаарх олон нийтийн боловсролыг дээшлvvлэх. 

0 ширхэг сэтгэгдэл:

Post a Comment